ХААИС-ийн харьяа Заамар Политехник Коллеж

ХААИС-ийн харьяа Төв аймаг дахь Заамар Политехник коллеж нь 1969 онд залуу малчны сургууль нэртэйгээр НҮБ-ийн санхүүжилтээр  анх үүсгэн байгуулагдаж өдгөө 50 гаруй жилийн түүхтэй ХАА-н салбарын ууган сургуулиудын нэг юм. Түүхэн хөгжлийнхөө явцад 1971 онд 240 суралцагч хүлээн авах дотуур байр 420 суралцагч хүлээн авах хичээлийн байр маань ашиглалтад орж байлаа.  Сургуулийнхаа түүхэн замнал болон хамт олон эрхэм сайхан суралцагч, төгсөгчид үе үеийн эрдэмтэн багш, инженерүүдийнхээ амжилтаас дурдахыг хүссэн юм.

 Мөн 1971 оноос Техник мэргэжлийн сургууль, 1992 оноос Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, 2023 оны засгийн газрын 306 дугаар тогтоолоор ХААИС-ийн харьяа Төв аймаг дахь Политехник коллеж болон үйл ажиллагаагаа өргөтгөн статус байр сууриа нэмэгдүүлсээр байна.

2022 оны 10 сарын 31-нд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 12 тоот тогтоолоор  таван жилийн хугацаатай Магадлан итгэмжлэгдсэн  бөгөөд Мэргэжлийн боловсрол төдийгүй Монгол улсынхаа ХАА, уул уурхайн салбарт 8000 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэж иржээ.

Нийт 46 багш ажилтантай 300 гаруй суралцагчтай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд боловсролын зэрэг өндөртэй багшлах боловсон хүчинтэй юм.  Үүнд зөвлөх 1, тэргүүлэх 3, заах арга зүйч 7,  докторант 1 магистр багш 9 ажиллаж байна.

Жил бүр төгсөгчд маань 60-66% ажлын байраар хангагддаг бөгөөд  хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг. 2023-2028 онд байгууллага хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний дагуу “Бүтээлч сэтгэлгээг дэмжин хөгжие” гэдэг уриатай, “Дэвшилтэт технологийг эзэмшүүлнэ” гэсэн алсын хараатай,  “ХААИС-ийн харьяа шаталсан сургалтын тогтолцоог хэрэгжүүлсэн  кампус жишиг ПК болно” хэмээн эрхэм зорилго өвөртлөн ажиллаж буй сайхан хамт олон юм.

Манай сургуулийг төгссөн олон алдартай хөдөлмөрийн баатрууд төрж улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулан ажиллаж хөдөлөмөрлөж байна. Тухайлбал: Улсын аварга саальчин Ц.Цэцэгмаа /1973/, М.Чимгээ /1974/ тэргүүний мал үржүүлгийн техникч П.Наранбаатар, МУ-ын хөдөлмөрийн баатар Данзангийн.Жаргалсайхан /1974-Эрдэнэт хотын анхны хөдөлмөрийн баатар/, МУ-ын анхны Бригадын генералуудын нэг П.Доржсүрэн  гэх мэт олон сайхан алдартнуудыг дурьдаж болох юм.

Багш нар маань жил бүр уламжлал болгон ЭШОҮБХ, мэргэжлийн ур чадваруудын уралдаан тэмцээнүүдэд өөрсдөө төдийгүй суралцагчдаа амжилттай оролцуулдаг. Тухайлбал Монгол ур чадвар ажил мэргэжлийн уралдаанд тогтмол оролцож суралцагчдаас маань тогооч, гагнуурчин мэргэжлээр улсад 4 байр, тусгай байр эзэлсэн амжилт үзүүлж байлаа. Мөн багш нар улсын болон бүс аймаг, орон нутгийн чанартай уралдаан тэмцээнүүд тогтмол амжилттай оролцож тогооч, автомашины засварчин нарийн бичгийн дарга албан хэрэг хөтлөлт мэргэжлийн багш, математикийн багш, англи хэлний багш нар 1-3 байруудыг тус тус эзэлж байсан зэрэг олон сайхан амжилтуудыг дурьдахад таатай байна.

Мөн жил бүр тогтмол сургалтын орчин нөхцөл, дотуур байрны суралцагчдын ая тухтай амьдрах орчинг сайжруулах хичээн ажилладаг бүтээлч хамт олон билээ. Тухайлбал: Сүүлийн таван жилийн байдлаар дурьдахад 2016-2017 онд 69 сая, 2018-2019 онд 5.7 сая, 2019-2020 онд 38 сая, 2021-2022 онд 78 сая, 2022-2023 онд 122 сая, 2023-2024 онд 130 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижилт үйлчилгээний ажил хийжээ. Томоохон ажлуудаас дурьдвал дотуур байр, хичээлийн байр, галт тогооны иж бүрэн дээврийн засвар, 40 орчим тасгийн урсгал засвар, дотоод тохижилт үйлчилгээ, хуучин модон хаалгыг шинэчлэх, спорт заалны засвар, фитнес өрөө, хүүхдийн өрөө, багш хөгжлийн төвийн засвар тохижилт, хурлын заал, урлаг заал гээд сургуулийн барилга байгууламжийн бүхий л хэсэгт урсгал засварыг бүрэн өөрсдийн  хүчээр хийлээ.

            Мөн байгалийн ухааны кабинет, англи хэлний лингафоны танхим, мэдээлэл технологийн лабаратори, уул уурхайн нөхөн сэргээлт, малын асаргаа, замын хөдөлгөөний дүрэм, хүнд машин механизмын засварчин зэрэг мэргэжлийн онолын танхимуудын засвар болоод зарим тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжрууллаа.

            Мөн автомашины засварчин, тогооч, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, барилгын засал чимэглэлч, гагнуурчин зэрэг мэргэжлийн дадлагын газруудын засвар үйлчилгээг сайжруулж тоног төхөөрөмжийн шинэчлэлтүүдийг хийсэн байна.

            Коллежийнхаа нийт сурган хүмүүжүүлэгч багш нартаа, залуу хойч үедээ эрдэм мэдлэг, туршлага өвлүүлэхийн зэрэгцээ өөрийн биеэр үлгэрлэн манлайлж ажиллахыг хүсье. Тиймээс бидний өмнө их үүрэг, хариуцлага бас их боломж, гэрэлт ирээдүй бий гэдэгт итгэдэг. Бид нэг зорилгынхоо дор нэгдэж,  маш их боломж хүч нөөцийг ашиглаж өөр өөрийн ажилдаа өндөр их амжилт гарган ирээдүйн чадварлаг мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэн улс орныхоо хөгжил цэцэглэлт хувь нэмрээ оруулахын тулд хичээн ажиллая хэмээн уриалья.

            Ингээд нийт суралцагч, төгсөгч, эрдэмтэн багш нар, түншлэгч байгууллагууд, бүтээлч хамт олон болон үе үеийн ажиллаж байсан ахмад буурлууд та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт, амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Энэхүү сайхан сургуулийг сонгон суралцаад амжилттай төгсөж буй төгсөгчиддөө цаашдынх ажил хөдөлмөрийн зам дандаа дардан байж улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.